
/1934/ Архангай амйгийн Хашаат сум. МУЭХ-ны чөлөөт уран бүтээлч байхдаа Ардын зураач /2006-01-26.№ 15/. Урлагийн гавьяат зүтгэлтэн /1981-07-09.№233/. Улс төрийн дээд боловсролтой, сийлбэрч, багш мэргэжилтэй.
МУЭ-ийн салбарт сийлбэрчин, багш, уран сайхны удирдаач, эх загварын зураач, чөлөөт уран бүтээлчээр 50 шахам жил ажиллаж буй ажээ. Монголын ард түмний олон зуун жилийн уран сийлбэрийн уламжлалт арга ухаан дээр үндэслэн сэдэвт бүтээл, бэлэг дурсгал, эд хэрэглэл, барилга байгууламжийн гэсэн чиглэлээр 13800 гаруй дүрс бүхий 600 гаруй захиалгат, 400 гаруй сэдэвт бүтээл туурвисан байна. Сийлбэрийг мод, яс, эвэр, чулуу зэрэг бүх төрлөөр хийхээс гадна Дундад Азийн уран барилгын “Ганчи” хэмээх шавраар хийдэг чимэглэлийн урлалыг монгол хээ угалзаар баяжуулан эх орондоо бүтээлчээр нэвтрүүлжээ. Түүний бүтээлүүдийн охь болсон 60 гаруй сийлбэр манай улсын галерей, музейнүүдэд үнэт үзмэр болон хадгалагдаж байгаагаас гадна Төрийн ордны ёслолын танхимын ширээ, “Соёмбо” танхимын чимэглэл, Мэгжид Жанрайсэг бурхны тахилын ширээ зэрэг гүн хүндэтгэлтэй томоохон бүтээлүүдийг туурвисан байна. 1996 онд “Алтан гадас” одонгоор, 1971 онд Хөдөлмөрийн хүндэт медаль болон ардын хувьсгалын 40, 50, 60, 70 жилийн ойн хүндэт медалиудаар шагнагджээ.