
/1944/ Төв аймгийн Угтаал цайдам сум. УДБЭТ-ын зураач байх үедээ Ардын зураач /2005-01-19/. Урлагийн гавьяат зүтгэлтэн /199107-05.№161/
1965 онд Барилгын техникумын зураг төслийн анги, 1971 онд Ленинград хотын Театрын дээд сургуулийг тайзны зураачийн мэргэжлээр төгсчээ. Түүнээс хойш тус театрт конструктор-зураач, ерөнхий зураач, зураачаар тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 1973-1980 онд ДУДуС-д тайз чимэглэлийн багшаар давхар ажиллажээ. 32 жил ажиллахдаа “Отелло”, “Учиртай гурван толгой”, “Үүлэн заяа” зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний 27 дуурь, 13 бүжгийн жүжгийн тайз, чимэглэлийг урлан бүтээсэн байна. Энэ нь тус театрын урын сангийн дийлэнх хувийг эзэлж буй ажээ. Сүүлийн үед манай театрын тайзнаа тавигдсан томоохон бүтээл болох “Хархорум”, “Чингис хаан”, Буриадын БДАТ-ын тайзнаа тавигдаж байсан “Гэсэр” дууриудад орчин үеийн өвөрмөц шинэлэг аргаар эсгий урлагийн технологийг ашиглаж анх удаа тайз, хувцас чимэглэл хийсэн нь үндэсний онцлогтой шинэ технологи болсон байна. Тэрбээр Монголын театрын музейг санаачлагчдын нэг бөгөөд Соёлын яамны шилдэг уран бүтээлийн шагналыг 4 удаа хүртжээ.