
/1915-1975/. Өнөөгийн ОХУ-ын Чита мужийн Агын тойргийн нутаг Шаазгайт гэдэг газар төрсөн. Дорнод аймгийн Баяндун сумын харьяат ХБДС-д багш байхдаа Ардын зураач /1965-12-03. №243/, Урлагийн гавьяат зүтгэлтэн /1945-10-02/, төрийн шагналт /1946/.
1926-1930 онд Хэнтий хан уулын аймгийн Улзын хошууны бага сургууль, 1931 оноос Улаанбаатар хотод багшийн сургуульд суралцаж төгссөн. 1935 оноос соёлын довтолгооны багш, үлгэр жишээ бага сургууль, нэгдүгээр дунд сургууль, Багшийн сургууль, зураг урлалын газар, зураг урлалын сургууль, Монголын пионерийн ордон, ХБДС, УБДС-д багш, зураач зэрэг ажлыг насан туршдаа хийж багшлах болон дүрслэх урлагийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хүч зүтгэлээ зориулжээ. 1942 онд дүрслэх урлагийн газар байгуулагдахад тэнд ажиллаж Монголын урчуудын эвлэлийн үндэс суурийг тавилцсан байна. Авьяас билэг, хичээнгүй хөдөлмөрийнхөө үрээр мэргэжлийн зураачийн зэрэгт хүрч “Хоёр бүлгэм нэгдэв”, “Партизан цэрэг элсүүлж байна”, “Ардын журамт цэрэг Хүрээнд орж ирлээ”, “Улсын анхдугаар их хурал”, “Гурван баатар” зэрэг түүх хувьсгалын, “Гүүн зэлэн дээр”, “Ууланд”, “Бухын мөргөлдөөн”, “Азарганы ноцолдоон”, “Эхийн ач”, “Эмнэг сургагч” гэхчилэн хөдөө нутгийн аж амьдралын сэдэвт болон “Ерөөлч Жигмэд”, “Зураач Чойдог”, “Хөгжимчин Жамбал” мэтчилэнгийн хөрөг зэрэг олон арван бүтээл туурвин бүтээж, “Ялалтын дараа буцаж ирсэн нь”, “Баатруудын гавьяа” тосон будгийн бүтээлээрээ төрийн шагналыг хоёр удаа хүртжээ. Урлаг судлаач эрдэмтэн Л.Содномцэрэн “Уран зураач О.Цэвэгжав” хэмээх ном бичиж Улаанбаатарт 1970 онд хэвлүүлсэн байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, олон медалиар шагнагджээ. Гэргий Д.Дамдимаа нь УГЗ, уран барималч, хоёр хүү, нэг охин нь чулуун бар, уран зураг, мультфильмийн уран бүтээлчид ажээ.