Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ОЮУН Эрдэнэбатын
 /1917-2001/. Улаанбаатар хот. Улсын төв театрын найруулагч байхдаа Монгол Улсын ардын жүжигчин /1945-01-10./, Урлагийн гавьяат зүтгэлтэн /1942-07-20. №43/, Төрийн шагналт /1946/. Эмэгтэй.
    Монголын томоохон сэхээтний энэ охин Улаанбаатар хотод монгол бага сургууль, орос дунд сургууль, 1934 онд ЗХУ-д /хуучин нэрээр/ Улаан-Үдийн Рабфак, 1957 онд МУИС-ийг төгссөн. Монголын театрын өв уламжлал, хөгжлийн зүй тогтолыг анхлан судалж, 1960 онд “Монголын театрын ардын үндэслэлүүд” сэдвээр урлаг судлалын ухааны дэд докторын зэрэг хамгаалсан байна. 1935 онд Ардыг гэгээрүүлэх яаманд орчуулагч, 1936-1957, 1963-1975 онд одоогийн Үндэсний бүжгийн эрдмийн театрын найруулагч, уран сайхны удирдагч, 1960-1962 онд “Монгол кино” үйлдвэрт, 1968-1969 онд ДБУТ-т уран сайхны удирдагч, 1962-1963 онд МАХН-ын Төв хороонд Соёлын хэлтсийн эрхлэгч, 1975-1987 онд Монголын урлагийн ажилтны холбооны дарга зэрэг алба ажлыг 51 жил хашжээ. 1940-өөд оноос эхлэн “Шинэ хүн”, “Хот айл”, “Би эндээс явахгүй, “Хайр”, “Гарваа” зэрэг жүжиг, “Түрийвчит Түдэв”, “Шуудан хүргэгч Цэрмаа”, “Хурандаа шинель” зэрэг олон өгүүллэг бичиж, “Ах дүү нар” жүжгээрээ төрийн шагнал хүртсэн нэрт зохиолч байжээ. Н.Гоголийн “Байцаагч түшмэл”, В.Шекспирийн “Лир ван”, Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл”, К.Симоновын “Орос хүн”, Н.Погодиний “Буутай хүн” , Софоклийн “Эдип хаан”, Г.Ибсений  “Нора” жүжиг, “Чио Чио сан”, “Отелло”, “Октябрь”, “Алеко” дуурь зэрэг дэлхийн сонгодог болон орос, зөвлөлтийн алдарт зохиолчдын 50 гаруй жүжиг, дуурийг орчуулан тоглуулж, жүжиг орчуулах арга зүйг буй болгоход их хүч хөдөлмөрөө зориулжээ. Д.Ичинхорлоогийн “Залуу эх Замбага,” Ч.Ойдовын “Зам”, “Цолмон”, Л.Ванганы “Эмч нар”, Д.Намдагийн “Шинэ байшинд”, “Ээдрээ”, Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу”, В.Шекспирийн “Лир ван” зэрэг жүжгийг найруулж тоглуулсан нь Монголын тайзны урлагийн санд хүндтэй байр эзэлдэг байна. Урлагийн боловсон хүчин бэлтгэх, соёл, урлагийн мэргэжлийн байгууллагын тогтолцоог бий болгоход идэвх санаачилга гаргаж Урлагийн дунд сургууль, СУИС болон орон нутгийн театр, чуулгыг байгуулж, хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулжээ. Нэрд гарсан уран бүтээлч, эрдэмтэн төдийгүй Монголын энхтайвны болон эмэгтэйчүүд, соёл, шинжлэх ухаан, зохиолчдын байгууллагын удирдах бүрэлдэхүүнд удаа дараа орж гадаад орнуудад болсон олон хурал, чуулганд улс орноо төлөөлж оролцсон нийгмийн зүтгэлтэн байжээ. Ардын Их хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын гурван удаагийн их хуралд төлөөлөгчөөр оролцож Намын Төв хорооны орлогч, жинхэнэ гишүүнээр сонгогдож байжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Бид ялав” медаль болон Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats